Түүхэн замнал


1930 оны 4-р сард хуралдсан БНМАУ-ын 6-р их хурлаас “Улсын Эрүүлийг Хамгаалах тухай” гаргасан тогтоолын 3-р зүйлд заасан ёсоор Алтай-Урианхайн Алтай-хааны хошуунд хүний бага эмчийн салбар байгуулахаар тогтоожээ.

1931 оны 1-р сард хуралдсан БНМАУ-ын 16-р бага хурлаас улсын бага хурлын тэргүүлэгчдийн дэргэд байгуулагдсан бага ястны зөвлөлийн илтгэлийг авч хэлэлцээд гаргасан тогтоолдоо: “Казак, Дөрвөд, Өөлд, Урианхай, Захчин, Торгууд зэрэг алс хязгаараар оршин суугаа бага ястны ард түмний дотор хүн, малын эрүүл мэндийг сахин хамгаалах салбар газруудыг өргөтгөн Европын боловсон эмнэлгийн сайн тусыг илэрхийлэхээр үзүүлж, түүний аж байдлыг дээшлүүлэн сайжруулахад   чухал арга хэмжээ болсон гэж  заажээ. Иймээс эдгээр шийдвэрийг биелүүлэх үндсэн дээр 1930 онд Урианхай Алтай хааны хошууны дэргэд бага эмчийн салбар байгуулагдаж төвд эмч Чоймбол ажиллаж байв.

1930 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвд ЗХУ-аас ирсэн Абай Касымов, Шарип Өтепов гэдэг коминтерний төлөөлөгч нарын санаачлагаар одоогийн Горно-Алтай автомот мужийн Кош-Агач районоос Жалахов гэдэг бага эмч урилгаар ирж ажиллаж байсан байна.

1938 онд анх үндэсний 5 бага эмч төгсч ирээд:

  1. Улаанхус сумд бага эмч Лунжгаа
  2. Цагаануур тосгонд Ахмет
  3. Сагсай сумд Чимид
  4. Толбо сумд Ринчин
  5. Хужиртад Баярхүү нар ажиллаж байв.

Манай аймаг Ховд аймгийн бүрэлдэхүүнд орж байснаа маршал Чойбалсангийн санаачлагаар 1940 оны 8-р сард тусгай аймаг болгон байгуулжээ. Энэ оноос эхлэн аймгийн төвд одоогийн 160 ортой 3 давхар эмнэлгийн сууринд 5 эсгий гэр, 15 ортой эмнэлэг байгуулагдсан бөгөөд их эмчээр ЗХУ-ын иргэн Тамара Александровна Садова, бага эмчээр Борхүү, анхны сувилагч нарын нэг Цүцэгтийн Цэвээн, Мягмар, нярав Даутбайн Халдеке ажиллаж байсан. 1942 онд их эмчээр К.И. Маслова ажилласан ба бага эмч 7 байв.

1941 онд Цагаан гол, Хөх хөтөл, Дэлүүн, Баяннуурт тасаг нэмэгдэн эдгээр тасагт сувилагчид ажиллаж байсан. 1946 онд ЗХУ-аас Бадиша Ниязова ирсэн. Энэ үед аймгийн хэмжээгээр бага эмч 12, эх баригч 1, сувилагч 20, эм найруулагч 1, багийн сувилагч 30 болон өргөжсөн байна. 1949 онд Цагааннуур тосгонд анх их эмчийн салбар байгуулагдсан. Их эмчгүй учир бага эмч ажиллаж байсан ба 1950 онд их эмч Будаев ажилласан. 1954 онд аймгийн анхны их эмч Ө. Шура, А. Тоня, 1955 онд С. Абденбай, Ж. Алданыш, Х. Авзал, Ж. Уатхан нар төгсөж ирсэн  ба эдгээр эмч нар ажилласан үеээс эхлэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсэн. 1957 оноос эхлэн их эмч Ж. Уатхан мэс заслын хагалгаа хийж эхэлснээр мэс заслын тусламжийн эх үүсвэр тавигджээ. 1958 онд Найдан, Х. Бултихан, Ж. Икранбек нар төгс ирж ажилласан, 1959 онд анх удаа рентген гэрлээр онош тавигдах нөхцөл бүрдэж их эмчээр нь Х. Авзал ажиллажээ. Манай аймагт арьс өнгөний халдварт өвчинтэй тэмцэх отрядын бага эмчээр Хумархан, сувилагч Балжин нар 1948 онд, 1954 онд их эмч Гомбожав даргатай бригад болон ажилласан байна. 1957 онд ЗХУ-ын мэргэжилтэн Голова, Ялдина тэргүүтэй 29, 30-р бригад ажиллав. 1960 онд Н. Бадел даргатай арьс өнгөний диспансер байгуулагдаж их эмчээр Ж. Икранбек ажиллаж байв. Аймгийн сүрьеэгийн диспансер 1959 онд их эмч Ө. Шура даргатай байгуулагдаж тус онд бүх хүн амд сүрьеэ өвчнийг илрүүлэн эмчлэх отряд 44,0 мянган хүнд үзлэг хийв. Энэ отрядад ЗХУ-ын мэргэжилтэн Макаров, Кодуков нар ажиллаж байсан байна. Сүүлийн 10 жилд /1969-1979 онд/ Аймгийн эрүүлийг хамгаалах байгууллагуудын тэргүүний эмч ажилтан нарын ба зөвөлгөөнийг хийж тэргүүний хүмүүсийн туршлага нэвтрүүлэн сурталчилав. 1964 оноос Баян-Өлгий аймант ГАХӨЭС аймаг дундын станц байгуулагдсан. 1941 онд аймгийн эмийн сан байгуулагдаж эрхлэгчээр нь Луламжав ажиллаж байжээ.

Эрүүл мэндийн хэлтэс, газрын даргаар ажиллагсад.

  1. Самихан  1940
  2. Лунжгаа  1940-1943
  3. Ж.Ахмет  1943-1947
  4. К.Хасен    1947-1950
  5. Дамдин    1950-1953
  6. Дашцэрэн 1953-1954
  7. А.Тоня      1954-1955
  8. С.Авденбай1955-1956
  9. Ж.Уатхан  1956-1962
  10. Адьшаа     1962-1965
  11. Дамдин     1965-1966
  12. Ж.Уатхан 1966-1980
  13. Ж.Марзия 1980-1986
  14. У.Хуанган 1986-1997
  15. А.Гүлжан  1997-2000
  16. А.Батай     2000-2008
  17. А.Гүлаза   2008-2010
  18. А.Батай 2010-2012
  19. А. Ахжархын 2012-2014
  20. С.Айгүл 2014 оноос