Эбола вирусын халдварын тухай товч мэдээлэл

2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад (48%) байна. Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ.
Уг бүс нутагт ийнхүү Эбола вируст халдварын дэгдэлтүүд бүртгэгдэн, бусад улс орнуудад зөөвөрлөгдсөн тохиолдлууд гарч байгаа нь зөвхөн тухайн дэгдэлттэй улс орнууд биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа тул үүссэн нөхцөлд байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан. Үүний дагуу улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллж байна.

Ерөнхий мэдээлэл: 

  • Эбола вирусын халдвар (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.
  • Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад ихэвчлэн гардаг ба 1976 оноос хойш нийт 20 гаруй удаагийн дэгдэлт бүртгэгдэж байжээ. Баруун Африкийн орнуудад гарсан энэ удаагийн дэгдэлт цар хүрээ, үр дагаварын хувьд хамгийн томд тооцогдож байна.
  • Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай. Энэ удаагийн дэгдэлтийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 48% нь нас баржээ.
  • Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, шампанзе, горилла, ширэнгэн ойн гөрөөс, ширэнгэн ойн үхэр зараа зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг.

 Халдвар дамжих зам: 

  • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина.
  • Өвчилсөн хүн нас барсан хойноо ч халдварлуулах эрсдэлтэй байдаг тул оршуулах зан заншилтай холбоотой бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
  • Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 70 хүртэлх хоногоор хадгалагдаж, халдварлуулах боломжтой.
  • Өвчтөнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй, хувийн хамгаалах хэрэгслийг зохих зааврын дагуу хэрэглээгүй тохиолдолд халдвар өвчтөнийг эмчилж буй эрүүл мэндийн байгууллагад дэгдэх аюултай.

Өвчний шинж тэмдэг: 

  • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Энэ удаагийн дэгдэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд ихэнх тохиолдолд 8-10 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байна.
  • Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
  • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ.
  • Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.

Оношилгоо: 

  • Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой.
  • Оношийг зориулалтын лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.

Вакцин ба эмчилгээ: 

  • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга гараагүй байна.

Хилийн дээс алхаж буй зорчигчдод хүргэх зөвлөмж: 

Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

  • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;

o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

  • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дах (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх хэрэгтэй.
  • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
  • Хэрэв Эбола вирусын халдвараар өвчилсөн, эсвэл өвчилсөн байх сэжигтэй (өндөр халуурсан, бөөлжиж суулгасан, тууралт гарсан, цус алдаж буй гм) хүнтэй болон түүний хэрэглэж байсан эд зүйлстэй ойрын хавьталд ороогүй, хүрэлцээгүй, үхсэн амьтдын сэг зэмээр оролдоогүй бол халдвар дэгдсэн бүс нутагт жуулчлалын болон албан ажлын зорилгоор зорчиж ирсэн хүмүүс уг өвчнөөр өвчлөх эрсдэл маш бага хэмээн ДЭМБ үзэж байна.

  Бусад нэмэлт мэдээлэл: 

  • Халдвар өвчтэй хүний биеийн шингэн болон цус, нус, хөлс, нулимс, бөөлжис, өтгөн, шингэн, үрийн шингэн зэргээс гадна эдгээрээр бохирлогдсон гадаргуу, эд юмс дээр хадгалагдан дам хэлбэрээр дамжиж болно. Гэвч ийнхүү эд юмсаар дамжих эрсдэл харьцангуй бага бөгөөд ариун цэврийг сахиж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлснээр энэ эрсдлийг бууруулах боломжтой.
  • Өнөөгийн байдлаар энэ өвчнийг үүсгэгч вирус өөрийн шинж төрх, халдварлах замаа өөрчилсөн ямар нэг хувирал, өөрчлөлтөд орсныг нотлох баримт хараахан байхгүй байна.
  • ДЭМБ-аас уг вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн гишүүд, өвчтөнтэй ойрын хавьталд орсон бусад хүмүүс болон энэ өвчнөөр өвчлөөд нас барсан хүний оршуулгын ёслолд оролцож, бие махбодид хүрэлцсэн хүмүүс болон өвчлөгсдөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд энэхүү халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн