ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой ба үүнээс 80 сумын голомт идэвхтэй байгааг тогтогоод байна.
ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-тай хамтран хийсэн хил орчмын тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус, Бугат сумын тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгаа нь тогтоогдож, хүн өвчлөх өндөр магадлалтай байна.
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.

Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  1. Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
  2. Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
  3. Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс
  4. Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг юу вэ?

Халдвар авснаас хойш 1-7 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор

–       Булчирхайн хэлбэр – Халуурах, бүлчирхай томорч хавдах, эмзэглэлтэй болох, чичрэх, толгой өвдөх, маш их ядарч, сульдах

–       Гэдэсний хэлбэр – Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, суулгах

–       Уушгины хэлбэр – Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах

Тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Тарваган тахлын голомтот нутагт хууль бусаар тарвага агнахгүй байх
  • Тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх
  • Тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх
  • Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн