ҮЕРИЙН УЛМААС ГУДАМЖ ТАЛБАЙД ХУРИМТЛАГДСАН БОХИР УС, ЛАГ, ШАВАР, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ХАЛДВАРГҮЙТГЭХ ЗӨВЛӨМЖ

Нэг. Үерийн улмаас хот, суурин газрын гудамж, талбайд хуримтлагдсан бохир ус, лаг, шавар, хог хаягдал, энгийн жорлон, цооногийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл 

  • Үерийн улмаас хуралдсан хуурай хог хаягдал, лаг шаврыг яаралтай зайлуулан, хөрсийг хатаана. Дараа нь талбайг 5, 10 хувийн хлорын шохой, гипохлорид кальци, 0,03-1 хувийн концентраци бүхий жавелион, хлорсептийн уусмалын аль нэгээр нэвчүүлж шүршиж халдваргүйтгэнэ. Мөн бактерфаг болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ашиглан халдваргүйжүүлнэ /Тамир-эм, ЕМ-1 гэх мэт/.
  • Хуралдсан хог хаягдал, лаг шавар нь нойтон бол 1м2 талбайд 200-250 грам хуурай хлорын шохой ноогдохоор тооцож хуурайгаар жигд цацаж, хатсаны дараа яаралтай зайлуулан талбайг 5, 10 хувийн хлорын шохой, гипохлорид кальци, 0,03-1 хувийн концентраци бүхий жавелион, хлорсептийн уусмалын аль нэгээр нэвчүүлж шүршинэ.
  • Үерийн уснаас үүссэн тогтоол усыг ширгээх, нүх ангалыг булах, халдваргүйтгэх, ялаа, шумуул үржиж олшрохоос сэргийлэх арга хэмжээ авна.
  • Гэр хороолол, зуслангийн айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн гадна, дотор талыг 5, 10 хувийн хлорын шохойн сүүн уусмалаар эсвэл 5 хувийн гипохлорид кальцийн уусмалаар халдваргүйтгэнэ.
  • Ариутгал, халдваргүйтгэл хийсэн хөрсөнд нөхөн сэргээлт хийх ажлыг мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Хоёр. Үерт өртсөн айл, өрх, ард иргэдээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Ундны усыг баталгаат эх үүсвэрээс авах;
  • Булаг, шанд, гол, горхины усыг унданд хэрэглэхгүй байх;
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах;
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  • Усны савыг зориулалтын угаалгын шингэн, 2 хувийн содийн уусмалаар угааж, наранд хатаах;
  • Гал тогооны сав, хэрэгсэл, аяга, таваг, халбагыг зориулалтын угаалгын шингэнтэй бүлээн усаар тогтмол угаах, буцалгах;
  • Гараа савантай усаар тогтмол угаах, нойтон салфетка, саннитол хэрэглэх;
  • Гар, нүүрийн алчуурыг близна болон хлор агуулсан угаалгын шингэнтэй усаар угааж, наранд хатаах;
  • Ширээ, сандал, тавиур, ор, авдар зэрэг хатуу гадаргуутай эдлэлийг саван, угаалгын нунтагаар сайтар цэвэрлэсний дараа 0.5 хувийн хлорын шохойн уусмалаар арчих буюу шүрших;
  • Хүүхдийн тоглоомыг хлор агуулсан угаагч бодис, 0.5 хувийн хлорын шохойн сүүн уусмалд норгосон алчуураар арчих буюу савантай бүлээн усаар угааж, дараа нь цэвэр усаар сайтар зайлна. Цэвэрлэж болохгүй зөөлөн тоглоом, эд хэрэгслийг хаях;
  • Хүүхэд, багачуудыг бохирдсон талбай, шавар шавхайд тоглуулахгүй байх;
  • Үерийн усанд бохирдсон хувцас, ор, дэрний цагаан хэрэглэлийг угаагч нунтагтай бүлээн усаар угаан наранд хатааж индүүдэх;
  • Гутал, шаахайны улыг 5, 10 хувийн хлорын шохойн сүүн уусмалд норгосон алчуураар арчина. Алчуурыг 5, 10 хувийн хлорын шохойн сүүн уусмалд халдваргүйтгэн 2-3 цаг тутамд сольж тавих;
  • Бие засах газрын хаалга, хана, бариулыг 5 хувийн хлорын шохойн сүүн уусмалаар халдваргүйтгэх.

–ооОоо–


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн