Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2015 оны 03 дугаар сарын 13-нд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөв. Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Ерия, тус хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Амалхан болон сумдын Засаг дарга нар, харъяа байгууллагуудын дарга, эрхлэгч нар, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд нийт 60 хүн оролцов.
DSC_0017Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Х.Дармен үг хэлэв. Үүнд:
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын үүрэг биш, бүх хүний, бүх байгууллагын, бүх удирдах ажилтны үүрэг юм. Зарим сумдын удирдлагууд оролцоогүй байгаа нь энэ үүргээ ухамсарлахгүй байна гэсэн үг. Тэдгээрт хариуцлага тооцох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 2014 онд улсын төсөв, орон нутгийг хөгжүүлэх сан, гадны байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтаар манай аймаг 2 дугаар байр эзэлж байна. Энэ нь та бидний хамтын амжилт гэж ойлгож байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотой аймгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн материаллаг баазыг бэхжүүллээ. Өмнөх оноос эхийн эндэгдэл буурсан ч 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн нь санаа зовоосон асуудал болж байна. Нэгдсэн эмнэлэгт оношлогооны төв байгуулагдсан. Урьдаа тавьсан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн ч цаашид шийдвэрлэх олон асуудал байна. Тоног төхөөрөмжөөр хангаж байгаа ч бүрэн хүчин чадлаар ашиглаж чадахгүй байна. Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах хэрэгтэй байна. Тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын менежмент хангалтгүй байна. Менежментээ сайжруулах хэрэгтэй. Зөвлөгөөнд яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Олон сургалт, семинар, зөвлөгөөн явагддаг ч амьдрал дээр ажил хэрэг болох нь хангалтгүй байна. Үр дүн гаргах хэрэгтэй гэв.
Үүний дараа Эрүүл мэндийн салбарын баримтлах бодлого, цаашид анхаарах асуудлын талаар ЭМГ-ын дарга С.Айгүл, ЭМГ-ын удирдлага, санхүү, төсөвийн талаар ЭМГ-ын ЭЗУМХ-ийн дарга М.Мейрамбек, Нийгмийн эрүүл мэндийн талаар ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Х.Дауыржан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Д.Күнай, Эрүүл мэндийн салбарын 2014 оны үйл ажиллагааны тайлангийн талаар ЭМГ-ын мэргэжилтэн Ш.Иманхан, Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн өнөөгийн байдлын талаар ЭМГ-ын мэргэжилтэн М.Еркебулан нар мэдээлэл хийв.
DSC_0105Мөн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтгүүд Эмнэлгийн багаж, хэрэгслийн хэмжилзүй, Бичиг хэргийн стандартын талаар мэдээлэл өгөв.
Үдээс хойш эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар оролцогчид бүлгийн ажил хийж, сумын ЗДТГ, ЭМГ, эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын хийх ажлын чиглэлийг тодорхойлов.
DSC_0198ЭМГ-ын дарга, сумдын Засаг дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн эрхлэгч нарын хооронд 2015 онд хийх үйл ажиллагааны гурвалсан гэрээ байгуулав.
Зөвлөгөөний эцэст 2014 онд үйл ажиллагаагаар шалгарсан байгууллагуудыг шагнаж, урамшуулав. Үүнд:
Ерөнхий үйл ажиллагаагаар Алтай сумын ЭМТ, Шипагер өрхийн ЭМТ, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн үйл ажиллагаагаар Улаанхус сумын ЭМТ, Нэгдсэн эмнлэгийн төрөх тасгийн хамт олон, Тусламж, үйлчилгээний чанар сайжруулах уралдаанд Шипагер өрхийн ЭМТ, Эрүүл мэндийг дэмжигч сумын Засаг даргаар Булган сумын Засаг дарга Х.Шынарбек нар тус тус шалгарав.
Оролцогчдын сонирхсон асуултанд хариулснаар зөвлөгөөн өндөрлөв.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн