Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин

Дэлхий нийтээрээ 03 дугаар   сарын 24-ний өдрийг  сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг. Ази, Номхон далайн баруун бүсэд жилд хоёр сая орчим хүн сүрьеэгээр өвдөж, өдөрт 800 гаруй хүн энэ өвчнөөр  нас бардаг  гэсэн судалгаа байдаг байна.  Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин. Хүмүүс үүнийг мэдэхгүйгээс өвчнөө хүндрүүлсэнээр нас бардаг гэнэ. Манай улсад энэ өвчнөөр 2009 онд 4218 хүн өвчилсөний 101 нас барсан  байна.

Сүрьеэ гэж юу вэ?

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг.

2000 жилийн өмнө эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нэгэн нийтлэг тохиолддог өвчний талаар тодорхойлон бичиж байсан нь өнөөгийн бидний нэрлэдэгээр сүрьеэ өвчин байсан байна. Сүрьеэ нь хүний биеийн ямар ч эрхтнийг гэмтээж болох ч ихэнхи нь буюу 80 гаруй хувь нь уушигны сүрьеэ байдаг ажээ. Цагаан тахал гэж нэрлэгдэж байсан энэ өвчин нь 20-р зууны эхний хагаст нас баралтын гол шалтгаан болж байжээ. Учир нь хүмүүсийн энэ өвчний талаарх мэдлэг ч, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тариа ч ядруухан байсан байна.  Харин өнөөдрийн бидний ойлголт болон анагаах ухааны хөгжил энэ өвчнийг ялан дийлэх боломжийг бидэнд олгож байна.

Сүрьеэ яаж тархдаг вэ?

Дэлхийн нийт хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тоо баримт байдаг. Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.

Сүрьеэг үүсгэгч нь юу вэ?

Сүрьеэ нь сүрьеэгийн микобактериар үүсгэгддэг.

Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй.

Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг үү?

Үгүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж ихэнхи нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна.

Хэдийгээр сүрьеэгийн нян бүхий агаараар амьсгалсан олон хүмүүс халдвар авах магадлалтай боловч бие махбодийн дархлалын тогтолцоо хэвийн ажиллаж байвал нянгийн эсрэг тэмцэж түүний өсөлтийг зогсоож чадна. Гэхдээ нянгууд бүрмөсөн устдаггүй, өвчин үүсгэхгүй унтаа байдалд шилжин хүний биед хадгалагдана. Ийм тохиолдлыг сүрьеэгийн халдвар авсан гэж хэлнэ.  Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар нэг зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.

Сүрьеэгийн халдвар авсан хүн яагаад өвчилдөг вэ?

Хэрэв хүний дархлалын тогтолцоо сул бол нянгийн өсөлтийг зогсоож чадахгүй. Зарим хүмүүс халдвар авсны дараа удалгүй өвчилдөг бол зарим хүмүүс тодорхой хугацааны дараа ямар нэгэн шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл нь сулрахад өвчилж эхэлдэг. Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд  идэвхижиж үржсэнээр эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ. Энэ байдлыг сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлнэ. Амьсгалж буй агаартай хамт хүний уушгинд орсон нян тэндээ өсч үржиж уушгийг гэмтээж эхлэх ба үүнийг уушгины сүрьеэ гэдэг. Цус тунгалгийн шингэнээр дамжин биеийн бусад эд эрхтнүүдийг гэмтээж буй тохиолдлыг сүрьеэгийн уушгины бус хэлбэр гэнэ.

Биеийн дархлалын тогтолцоо сулрах ямар шалтгаанууд байж болох вэ?

Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт бус  өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болдог. Ялангуяа Хүний Дархлал Хомсдлын Вирус нь бие махбодын дархлалын тогтолцоог гэмтээж аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог. Мөн бага насны хүүхдүүдийн дархлалын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчинд өртөмтгий болгодог байна.

Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?

Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100%, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10%, холын хавьтал 1%   байдаг байна. Мөн

  • ХДХВ-ийн халдвартай хүмүүс
  • Орон гэргүй хүмүүс
  • Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс
  • Асрамжийн газар байгаа хүмүүс
  • Шоронгийн хоригдлууд
  • Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.

Сүрьеэ нь агаараар дамждаг гэдгийг та санаж байгаа байх. Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.

Сүрьеэгээр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)
  • Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:
  • Ядарч сульдах
  • Турах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?

Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.

Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?

  1. Цээжний рентген зураг
  2. Туберкулины сорил
  3. Цэрний шинжилгээ

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг арьсан дээр сорил тавих замаар тодорхойлно. Та харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер дээр очиж сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арьсны сорилыг тавиулах боломжтой. Зориулалтын тариураар мэргэшсэн эмнэлгийн ажилтан гарын бугалганы дотор талд туберкулин хэмээх бэлдмэлийг тарьдаг. 2-3 хоногийн дараа арьсан дээр гарсан өөрчлөлтийг хэмжиж үзнэ. Хэрэв халдвар аваагүй бол хүний биеийн дархлалын эсүүд гадны биет гэж танихгүй бөгөөд хариу урвал үзүүлэхгүй. Энэ нь сорил тариулснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт үүсэхгүй гэсэн үг юм. Харин халдвар авсан бол тухайн хүний дархлалын эсүүд сорилоор бие махбодид орсон нянг дайснаа гэж танин дархлалын урвал явагдана. Энэ нь тарьсан газар гүвдрүү үүсч өөрчлөлт гарах байдлаар илэрнэ. Гэхдээ арьсны сорил эерэг гарах нь сүрьеэгээр өвдсөн гэсэн үг биш бөгөөд та зөвхөн халдвар авсан эсвэл өвдсөнөө мэдэхийн тулд өөр бусад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай гэсэн үг юм.

Х‎эрэв та :

  • Сүрье‎‎эгийн халдвартай хэлбэр бүхий өвчтөнтэй хамт байсан бол
  • Та ХДХВ-ийн халдвартай э‎свэл сүрьеэгээр өвчлөх ‎эрсдэл бүхий нөхцөл байдалд байгаа бол
  • Та өөрийгөө сүрье‎гээр өвчилсөн байж болзошгүй гэж бодож буй бол
  • Та сүрье‎эгийн өвчлөл өндөртэй оронд амьдардаг буюу очиж байсан бол (Латин Америк, Африк, Ази, Зүүн Европ, Орос г.м) сүрье‎эгийн халдвар авсан эсэхээ тодорхойлуулах шинжилг‎ээ хийлгэх шаардлагатай.

Хэрэв  сорилын хариу эерэг гарвал яах вэ?

Манай орны хувьд арьсны сорилыг ихэвчлэн хүүхдүүдэд хийдэг бөгөөд сорил эерэг гарсан тохиолдолд халдвар авсныг баталгаажуулах, сүрье‎эгээр өвчилсөн эсэхийг нь  тодорхойлохын тулд ц‎э‎эжний рентген зураг, цэрний шинжилгээ гэх мэт өөр бусад шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Х‎эрэв халдвар авсан бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх‎, сүрье‎эгээр өвчилсөн нь батлагдвал сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Сүрьеэгээс яаж урьдчилан урьдчилан сэргийлэх вэ?

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх нь

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
  2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
  3. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэсэн хэлбэрүүдтэй.

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт

БЦЖ вакцин

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нчн агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин нь ямар нэг хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос  сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх болжээ.

Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг  үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна.

Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол тэжээлийн дутагдал болон тэдний  биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө. Вакцины дараах урвал 2-4 долоо хоногийн дараа эхэлнэ.

Тарьсан хэсэгт гүвдрүү үүснэ

Гүвдрүү нь шар ногоон идээтэй цэврүү болно

Цэврүү нь хагарч шархлаа үүснэ

Шархлаан дээр тав тогтоно

Тав нь унаснаар 4-5 мм хэмжээтэй хонхордуу цагаан сорви үлдэнэ.

БЦЖ вакцины II тунг тарихаас өмнө хүүхдийг халдвар авсан эсэхийг тодорхойлох туберкулины сорилыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Доорх тохиолдлуудад сүрьеэгийн вакцин хийхийг хориглодог.

  • ХДХВ-ийн халдвартай хүүхдүүд болон дархлалын тогтолцооны үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс
  • Жирэмсэн эхчүүд
  • Арьсны үрэвсэлт өвчтэй хүмүүс

Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

[accordion title=”Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх “]

Халдвар авсан хүн болгон өвчилдөггүй. Г‎эхдээ зарим хүмүүсийн хувьд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Үүнд:

  • ХДХВ-ийн халдвартай
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд сүрье‎‎эгийн халдвар авсан
  • Бага насны хүүхдүүд
  • Бие махбодын дархлалын тогтолцоог сулруулах бусад өвчин ‎эмгэгүүд
  • Настай хүмүүс
  • Урьд өмнө сүрье‎эгээр өвдөж байсан бөгөөд эмчилгээг горимын дагуу хийлгээгүй

Х‎эрэв та сүрьеэгийн халдвар авсан ба дээрхи эрсдэл бүхий бүлгүүдийн аль нэгэнд багтаж байгаа бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний аль тохирохыг ‎эмч тань хэлж өгнө. Хэрэв та эмчийн зөвлөсний дагуу эмээ зөв уувал сүрьеэгийн халдвар сүрьеэ өвчин болохоос сэргийлж чадна.

Харин эмчийн зөвшөөрөл зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэрэглэх, бусад өвчний үед сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэх нь нян эмэнд тэсвэртэй байдлыг үүсгэх аюултай юм.

Ихэвчлэн урьдчилан сэргийлэх эмчилгээнд нэг төрлийн эмийг хэрэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд эмийн гаж нөлөө илэрч болзошгүй тул эмчийн хяналтанд тогтмол байх шаардлагатай. Хэрэв

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухай оргих
  • Огиулах, бөөлжих
  • Нүд, арьс шарлах
  • 3 болон түүнээс дээш хоногоор халуурах
  • хэвлийгээр өвдөх
  • хөл гарын хуруу мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдэг урьдчилан сэргийлэх эмчилгээний явцад илэрвэл эмчдээ хандаарай.

Сүрьеэгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж буй үед архи согтууруулах ундааны төрлийг хэрэглэх нь эмийн гаж нөлөөг нэмэгдүүлэх аюултай.

Сүрьеэгээр өвчилсөн бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

Хэрэв та шинжилгээгээр сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал айж сандрах хэрэггүй. Учир нь сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу тасралтгүй зөв горимоор нь хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин төгс эдгэрэх боломжтой. Энэ бол сайн мэдээ юм.

Сүрьеэгийн эсрэг эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан ууж хэрэглэдэг. Учир нь зарим эм нь нянг устгах үйлчилгээтэй байдаг бол зарим нь нян эмэнд дасалтай болохоос сэргийлж, нөгөө хэсэг нь ариутгах үйлчилгээ үзүүлдэг.

Гэхдээ эдгээр эмүүдийг өөр өвчний болон сүрьеэгийн эсрэг эмчилгээнд тохирсон бус тунгаар, эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэх нь эмийн дасалтай нянг үүсгэх, сүрьеэ өвчнөөс ангижрах боломжоо бүрмөсөн алдах аюултай юм.

Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээг эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор 6-8 сар хийлгэдэг. Сүрьеэгийн эсрэг эмчилгээ нь  хоёр  үе шаттай явагддаг.

  1. Эрчимт эмчилгээний шат. Энэ шатанд идэвхтэй байгаа нянгуудыг бүрэн устгана. Эмчилгээний энэ үе шат 2 сар үргэлжлэх бөгөөд хэрэв та уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол энэ шатанд зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.
  2. Үргэлжлэх шатны эмчилгээ. Энэ шат нь 4-6 сарын хугацаанд үргэлжлэнэ. Энэ шатанд хэрэглэж буй эмүүд нь эсийн дотор унтаа байдалтай байгаа нянгуудыг устгаж, сүрьеэ өвчин дахихаас сэргийлнэ.

Шууд хяналттай богино хугацааны эмчилгээ гэж юу вэ?

Сүрьеэгийн эсрэг эмчилгээний онцлог нь эмчилгээг шууд хяналттай хийдэгт оршино. Энэ нь сүрьеэгээр өвчилсөн хүн эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны  хяналтанд эмээ уухыг хэлнэ. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүст туслах зорилгоор эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд эмийг өдөр бүр гэрт нь хүргэж өгөх ажлыг гүйцэтгэдэг. Энэ нь таныг эмчилгээгээ тасралтгүй зөв, тогтмол хийлгэхэд тань үзүүлж буй сайн санааны тусламж юм. Мөн сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэж буй зарим хүмүүс эмийн үйлдлийн эхний нөлөөнд хууртаж зовиур шаналгаа арилмагц эдгэрлээ гэж бодон эмчилгээгээ зогсоодог. Энэ нь сүрьеэгийн нянгуудыг бүрэн устгаж чадалгүй харин ч эмэнд дасалтай болгож амь насанд аюул учруулна.

Та сүрьеэгээр өвчилсөн нь таны амьдралын хэв маягийг өөрчлөх шалтгаан биш юм. Таны бие зовиуртай эсвэл удаан хугацаагаар халдвар ялгаруулж байгаа биш л бол өвдөхөөсөө өмнө хийж байсан ажлаа хийж болно. Мөн сүрьеэгийн эсрэг эмүүд нь таны ажиллах чадвар, бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.

Сүрьеэгийн эсрэг эмүүд нь ямар гаж нөлөөтэй вэ?

Рифампицин хэрэглэж байгаа үед шээс, шүлс, нулимс улаан шар өнгөтэй гардаг. Иймээс хэрэв та контакт линз хэрэглэдэг бол рифампицин ууж байгаа үед хэрэглэхээ зогсоох шаардлагатай. Мөн энэ эм нь наранд илүү мэдрэг болгодог учраас наранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй юм. Рифампицин нь жирэмслэхээс хамгаалах дааврын эм болон суулгацын үйлчилгээг бууруулдаг тул энэ аргыг хэрэглэдэг бол эмчилгээний хугацаанд жирэмслэхээс сэргийлэх өөр аргыг сонгох нь зүйтэй . Хэрэв эмчилгээний хугацаанд танд эдгээр шинж тэмдэг илэрвэл та санаа зовох хэрэггүй.

Ер нь ихэнхи хүмүүст гаж нөлөө илэрдэггүй боловч хэрэв доорхи гаж нөлөөнүүд илэрвэл эмчдээ хандаж зөвлөгөө аваарай. Магадгүй та түр хугацаагаар эмээ зогсоох буюу эмнэлэгт очиж шинжилгээ өгөх шаардлага гарч магадгүй. Үүнд:

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах, огиудас хүрэх
  • Бөөлжих
  • Арьс болон нүд шарлах
  • 3 хоног болон түүнээс дээш хугацаагаар халуурах
  • хэвлийгээр өвдөх
  • хөл гарын хуруу бадайрах, чимчигнэх
  • биеэр юм туурах
  • цус гоожимтгой болох
  • үе мөч өвдөх
  • толгой эргэх
  • ам орчмоор бадайрах, чимчигнэх
  • хараа өөрчлөгдөх
  • чих шуугих гэх мэт

Яагаад сүрьеэгийн эсрэг эмийг тогтмол уух шаардлагатай вэ?

Сүрьеэгийн нянг бүрэн устгахад дор хаяж 6 сар шаардагддаг. Магадгүй танд эмчилгээ эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараагаас бие чинь сайжирч зовиур шаналгаа арилсан мэт санагдаж болно. Гэвч сүрьеэгийн нянгууд таны биед амьд байсаар л байгаа гэдгийг мартаж болохгүй. Эмээ тогтмол уугаагүйгээс сүрьеэгийн нян дахин идэвхижиж өмнөхөөсөө ч удаан хугацаагаар өвчлөх, эмэнд дасалтай болох аюултай үр дагавартай. Ингэснээрээ та гаж нөлөө ихтэй өөр шинэ эмүүдийг удаан хугацаагаар уух шаардлагатай болно.

Мөн таны өвчин сэдэрч гэр бүл, найз нөхөд, таны эргэн тойрны хүмүүст дахин халдвар тарааж эхэлдэг. Иймээс эмчийн зааврын дагуу эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор эмээ тогтмол уух нь чухал юм.

Би эмээ уухаа мартчихвал яах вэ?

Сүрьеэгийн эсрэг эмийг харьцангуй удаан хугацаагаар уух учир тогтмол уух нь амар биш байж болох юм.  Гэхдээ

  • Эмээ өдөр бүр тогтсон цагт уух. Тухайлбал, өглөөний цайны өмнө эсвэл шүдээ угаасны дараа гэх мэт
  • Гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг эмээ уухыг сануулж байхыг гуйх
  • Хуанли дээр эм ууснаа тэмдэглэх зэрэг нь таныг эмээ мартахгүй уухад туслах болно.

Хэрэв та эмээ эмч, сувилагч, эрүүл мэндийн сайн дурын ажилтнаас хүлээн авсан даруйдаа ууж амжаагүй бол хүүхэд хүрэхээргүй

хол газар тавихаа мартуузай. Хэрэв та эмээ нэг өдөр уухаа мартсан бол нөхөж уулгүйгээр дараагийн тунг ууна. Харин нэг өдрийн эм уулгүй мартсан тухайгаа эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтанд зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.

Би бусдад халдвар тараахаас яаж сэргийлэх вэ?

Хэрэв та уушигны халдвартай хэлбэрээс бусад хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол бусдад халдвар тараахгүй.

Халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн сонгодог арга бол эмчийн зааврын дагуу бүх эмээ горимын дагуу уух явдал юм. Үүнээс гадна эмчилгээ хяналтын шинжилгээг цаг тухай бүрд нь өгч эмчийн заасан цагт тогтмол үзүүлж байх нь таны өвчний явц ямар байгааг хянахад ач холбогдолтой. Та уушигны зураг авахуулж, цэрний шинжилгээ өгөх нь таны эм үйлчилж буй эсэхийг мэдэх гол арга юм. Энэ нь та бусдад халдвар тарааж байгаа эсэхийг ч мөн харуулна. Танд ямар нэгэн зүйл хэвийн биш санагдаж байгаа бол эмчдээ заавал хэлээрэй. Та халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол эмнэлэгт хэвтэж эрчимт шатны эмчилгээгээ хийлгэх нь бусдад халдвар тараахгүй байх нэг арга юм.

Хэрэв та ямар нэгэн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтээгүй бол доорх зааврыг дагана уу.

-Эмээ тууштай уух

-Ярих, инээх, ханиах, найтаахдаа ам хамраа амны цаасаар таглах, дараа нь аль болох хурдан шатааж устгах

-Ажил буюу сургуульдаа явахгүй байх

-Гэр бүлийн бусад гишүүдээс тусдаа өрөөнд унтах

-Өрөөгөө байнга агааржуулах, нарны гэрэл шууд тусахаар өрөөнд байх

Та эмээ горимын дагуу тасралтгүй тууштай ууж байгаа бол хэдэн долоо хоногийн дараа гэхэд халдвар ялгаруулахаа болино.

Та ойр тойрны хүмүүс ялангуяа гэр бүлийн гишүүд, ойрын найзуудаа халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд шинжилгээ өгөхийг ятгах нь зайлшгүй чухал. Учир нь халдвар тараах эгзэг гэр бүлийн хүрээнд 100%, найзуудын хувьд 10%,  холын хавьталд 1% байдаг.

Сүрьеэ нь хүүхдүүд болон дархлал султай хүмүүсийн хувьд аюултай. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан бол өвчлөхөөсөө урьтаж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэдэг гэдгийг та гэр бүлийнхэн болон ойр дотныхондоо анхааруулаарай.

Сүрьеэгийн эмчилгээ хяналтын шинжилгээг ямар хугацаанд өгдөг вэ?

Сүрьеэгийн эмчилгээний үр дүнг хянах гол арга нь цэрний түрхэцийн шинжилгээ юм. Эмчилгээний бүлэг, горимоос шалтгаалж тодорхой саруудад эмчилгээ хяналтын цэрний түрхэцийн шинжилгээг хийдэг. Хэрэв та

1-р бүлгээр эмчлэгдэж байгаа бол эмчилгээний 2, 5, 6 дахь саруудад

2-р бүлгээр эмчлэгдэж буй бол 3, 5, 8-р саруудад

3-р бүлгээр эмчлэгдэж буй бол 2, 5, 6 дахь саруудын төгсгөлд тус тус цэрний түрхэцийн шинжилгээ өгнө. Мөн эмчилгээний төгсгөлд рентген шинжилгээ хийж биеийн байдлыг тодорхойлно. Эмчилгээний хугацаанд эмийн ямар нэг гаж нөлөө илэрвэл шаардагдах шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай.

Цэрний шинжилгээ өгөхөд юу анхаарах ёстой вэ?

Цэрний шинжилгээ нь сүрьеэг оношлох, эмчилгээний үр дүнг тодорхойлох хамгийн гол арга юм. Цэрний шинжилгээг авахдаа гадаа гарч авах нь бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой. Өөрөө явах боломжгүй хэвтрийн өвчтний шинжилгээг ойр тойрны бусад хүмүүсээс тусгаарлан авах, дараа нь агааржуулалт сайн хийх шаардлагатай. Цэрний шинжилгээг тусгай зориулалтын эргэдэг саванд авна.

Шинжилгээг хэрхэн зөв өгөх вэ?

  1. Шинжилгээг өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлна.
  2. Гүнзгий амьсгаа аваад цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргана.
  3. Гаргасан цэрээ шинжилгээний саванд нулимна.
  4. Цэрний савны гадна талыг цэрээр бохирдуулж болохгүй.
  5. Цэрний савны тагийг сайтар таглана.

Цэр гарахгүй бол эмчийн заавраар цэр ховхлох эм хэрэглэнэ. Цэр буруу өгөх нь сүрьеэг буруу оношлоход хүргэдэг.

Сүрьеэгийн эсрэг эмчилгээний үед хориглох зүйл бий юу?

Сүрьеэгийн халдвар ялгаруулж байгаа үед ямар ч ажил хийхийг хориглодог боловч эмчлүүлээд нэгэнт эрүүл болсон үед урьд нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж  болно. Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа 156 хоног хүртэл эмнэлгийн хуудас авах эрхтэй. Гэхдээ  тоос шороотой, чийгтэй, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллах, жирэмслэхэд сүрьеэ өвчин дахих магадлалтай. Архаг хэлбэрийн сүрьеэгийн улмаас мэс засал хийлгэж хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тахир дутуугийн группэд оруулдаг.

Хоол ундны талаас хориглох зүйл байхгүй бөгөөд шим тэжээл бүхий илчлэг хоол хүнс хэрэглэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө.

Харин эмчилгээний явцад архи уух нь эмийн гаж нөлөөг ихэсгэнэ. Мөн архины нөлөөгөөр бүрэн эмчлэгдэх боломжоо алдаж болох талтай.

Тамхи татах нь эрүүл хүний биед ч хортой байдаг тул ядарч сульдсан уушгаа  улам хордуулах хэрэггүй болов уу.

Жирэмсэн эмэгтэйд  сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийдэг үү?

Хэрэв жирэмсэн эмэгтэй сүрьеэтэй нь оношлогдсон бол сүрьеэгийн эсрэг эмчилгээг хойшлуулахгүйгээр эхэлнэ. Стрептомицин урагт хортой нөлөө үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхээс татгалздаг. Пиразинамидын урагт үзүүлэх нөлөө одоогоор тодорхой биш учир мөн хэрэглэхийг зөвлөдөггүй байна.

Эмэнд дасалтай сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэж буй жирэмсэн эмэгтэйчүүд эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийн урагт үзүүлэх эрсдлүүдийн талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Учир нь II эгнээний эмүүд нь бидний мэдэж байгаа болон мэдээгүй байгаа олон гаж нөлөөтэй.

Хэрэв хөхүүл бол сүрьеэгийн эсрэг эм нь хүүхдэд нөлөөлөх үү?

Сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэж буй хөхүүл эмэгтэйн хөхний сүүнд агуулагдах сүрьеэгийн эсрэг I эгнээний эмүүдийн концентраци нь маш бага байдаг тул хүүхдэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

Сүрьеэ ба ДОХ ямар холбоотой вэ?

ХДХВ-ийн халдвар нь дархлалын тогтолцоог сулруулж сүрьеэгийн халдварыг эсэргүүцэх чадваргүй болгодог. ХДХВ-ын халдвартай хүн сүрьеэгийн халдвар авах, сүрьеэгээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Гэхдээ сүрьеэгээр өвчилсөн болгон ХДХВ-ын халдвартай эсвэл ХДХВ-ын халдвартай болгон сүрьеэтэй гэсэн үг биш юм.

Олон эмэнд дасалтай сүрьеэ гэж юу вэ?

Хэрэв та эмээ эмчийн зааврын дагуу тохирсон тун хэмжээгээр нь тогтмол уухгүй бол сүрьеэгийн нян эмүүдэд тэсвэртэй болно. Энэ нь эм нянг устгаж чадахгүй боллоо гэсэн үг юм. Эмийн дасал нь ямар хүмүүст тохиолдох эрсдэлтэй вэ?

  • Эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнтэй хамт байсан
  • Эмээ тогтмол тууштай уухгүй байгаа
  • Эмээ эмчийн өгсөн тун заавраар хэрэглэхгүй байгаа
  • Өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан ба эмчилгээг бүрэн төгс хийлгээгүй
  • Эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл өндөр газраас ирсэн

Нян хоёр буюу түүнээс дээш хамгийн чухал эмүүдэд тэсвэртэй болдог. Үүнийг олон эмэнд дасалтай сүрьеэ гэнэ. Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөн өвөрмөц эмүүдээр эмчлэгдэх шаардлагатай болдог. Эдгээр эмүүд нь сүрьеэгийн эсрэг хэрэглэдэг бусад эмүүдээс илүү гаж нөлөө ихтэй байдгаас гадна эдгэрэх магадлал ердөө л 30 %-тай байдаг нь хамгийн муу мэдээ юм.

Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнтэй хамт байсан хүн мөн эмэнд дасалтай нянгийн халдварыг авах аюултай. Иймээс яаралтай шинжилгээ өгч хэрэв халдвар авсан нь тогтоогдвол өвчлөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн чухал юм.

Дахин сүрьеэгээр өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

Сүрьеэ нь нэг л өвдсөн бол дахин өвддөггүй зарим нэгэн халдварт өвчинтэй адилгүй. Хэдийгээр өвчлөөд эмчилгээ хийлгэн эдгэрсэн ч дахин өвчлөх магадлалтай. Иймээс амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх, ажил, амралтаа зохицуулах, харанхуй чийгтэй орчин хүйтэн нөхцөлд ажиллахаас зайлсхийх, өрөө тасалгаагаа байнга агааржуулж нар, салхи оруулах, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх нь өвчин дахихаас сэргийлэхэд тустай. Мөн архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм.

Бид сүрьеэгээр өвчилсөн нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Хэрэв дотны тань хэн нэгэн нь сүрьеэгээр өвчилсөн бол эмчилгээгээ тогтмол тууштай хийлгэж бүрэн төгс эдгэрэх, өвчнийг даамжруулахгүй,бусдад халдвар тараахгүй байхад  гэр бүлийн бусад гишүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн нь тэр хүний буруу биш шүү дээ. Ханиад хүрсэн нэгнээ бид өөрийнхөө мууд өвдлөө гэж цээрлэж гадуурхдаггүйтэй нэгэн адил сүрьеэгээр өвчилсөн нэгийгээ ч бас ойлгож дэмжих, өвчний эсрэг хамтдаа тэмцэх нь гэр бүлийн гишүүдийн үүрэг билээ. Хүн сүрьеэгээр өвчилснөө анх мэдэхэд айж сандрах, эдгэрэх эсэхдээ эргэлзэх, гэр бүлийнхэндээ халдвар тараах болон гадуурхагдахаас айх гэх мэт маш олон асуудал сэтгэл санааг нь зовоодог.  Өвчтэй хүнд ялангуяа сүрьеэ өвчтэй хүнд сэтгэл санааны дэмжлэг, гэр бүлийн халуун дулаан орчин, тэжээллэг хоол хүнс хамгаас чухал. Учир нь сүрьеэ өвчний эсрэг эмчилгээ нь 6-8 сар үргэлжилдэг.

Эмээ уухыг нь сануулах, ямар нэгэн эмийн гаж нөлөө, биеийн байдалтай нь холбоотой асуудал гарвал эмчид хандах, ажил амралтаа зохицуулахад нь туслах г.м та бүгдийн зүгээс үзүүлэх тус дэмийг тоолох аргагүй. Мөн

Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах,

Амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх,

Ажил, амралтыг зохицуулах

Өрөө тасалгаагаа байнга агааржуулж нар, салхи оруулах

Өвчтөний цэр нусыг ил задгай хаяхгүй байх зэрэг нь гэр бүлийн бусад гишүүд халдвар авах, халдварласан тохиолдолд өвчлөхөөс сэргийлнэ.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн