ЭЛЭГНИЙ А,В,С ВИРУСНЫ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “А” ВИРУС

А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1.Гарыг хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа сайтар савандаж угааж хэвших.
2.  Угаагаагүй ногоо, жимс идэхгүй, түүхий ус уухгүй байх.
3.  Хоол, хүнс бэлтгэхийн  өмнө заавал гараа угаах.
4. Хүнсний түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах, бэлтгэх тавиур нь тусдаа байх.
5. Гудамж талбайгаас ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх.
6.  Бие засах газар, муу усны цооногт халдваргүйтгэлийн бодис хэрэглэх.
7.  Гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаалганы болон шатны бариулыг цэвэрлэх.
8.  Нойтон сальфетка хэрэглэх.
Гараа зөв, байнга угааж хэвших нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.
ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “С” ВИРУС

Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг ба жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хамааралтай өвчнөөр нас бардаг талаар ДЭМБ мэдээлжээ. С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Хэрэв та “С” вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

 

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “В” ВИРУС

Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг.

“В” ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. Өвчний  шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй.

“В” ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ

Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

ӨВЧИЛСӨНӨӨ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.
1.Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
2.өтгөн-цайвар өнгөтэй болно.
3.Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
4.Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
5.Хэвлийгээр өвдөнө.

ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?
1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай.
2. Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
5. Эмнэлгийн ажилтнууд
6. “В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ өВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний “В” Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.

Гепатит өвчнөөс сэргийлэхийн тулд иргэн та:

  • А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх
  • Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах
  • Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх
  • Бэлгийн аюулгүй харьцаа: бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх
  • Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх хэрэгтэй юм.

Баян-Өлгий  аймгийн ЭМГазрын Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн