“АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ЗӨВЛӨМЖ

Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.sdadas
Антибиотикийг хэдийд хэрэглэх вэ?

Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай тул хэн нэг хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй. Харин зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэж байх ёстой.
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?
Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн хэрэглэгчид тэр бүр оновчтой сонгож чаддаггүй. Иймээс эмчид хандаж жор бичүүлснээр таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хоол ундтай хэрхэн зохицуулахыг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу зөв хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэрэх болно.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
Хүний биед орсон өвчин үүсгэгч нян антибиотикийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрвээ антибиотикийг буруу хэрэглэвэл өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикоор эмчлэгдэхгүй нян үүсгэдэг.
Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна өвчин архагшихад хүргэнэ.
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин хэзээ ч энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог. Зарим антибиотик хортой гаж нөлөө буюу харшил өгдөг. Хэрэв та аль нэг бүлгийн антибиотикт харшилтай бол тухайн бүлэгт багтах бусад антибиотикт бас харшилтай байх магадлалтай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.
Антибиотикийн дасал гэж юу вэ?
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүний адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.
Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:
Манай иргэдийн дунд антибиотикийг буруу хэрэглэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, өвчин тусмагц хурдан эдгээхийн тулд, мөн ханиад томууны үед хэрэглэх нь нэлээд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь бүх өвчнийг эдгээдэггүй. Учир нь өвчний үүсгэгчид нь янз бүр байдаг бөгөөд антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг. Харин ханиад томуу нь вирүсээр үүсгэгдсэн байдаг тул антибиотик нь энэ өвчнийг эдгээдэггүй.
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална уу. Үүнд :
Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.
Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал мэдэгдэх хэрэгтэй. Эмчилгээ эхлэхийн өмнө тохирох антибиотикийг зөв сонгох боломжийг бүрдүүлэхийн тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг урьдчилан үзүүлж, өөрт тохирох антибиотикийг мэдсэн байх шаардлагатай.
Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй. Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрвээ урд нь ямар нэг антибиотикийг хэрэглэхэд дээрх шинж тэмдэг ажиглагдаж байсан бол энэ талаар эмчид үзүүлэхдээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жнь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ.
Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог. Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн