ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ГЭРЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин эрс нэмэгдэж, бага насны хүүхдүүд болон насанд хүрэгсэд, жирэмсэн эмэгтэйчүүд г.м. хүн амын тодорхой хэсэг өвчилж байгааг анхаарч тус өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, тандалт судалгааг эрчимжүүлэн ажилллах шаардлагатай байна.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:
– халуурах,
– толгой өвдөх,
– бие ядрах,
– хоолонд дургүй болох
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:
– халуурах,
– ханиалгах,
– нус гоожих,
– хоолойд хүндрүүлж өвдөх,
– улайх,
– нүүрнээс эхлэн бүх биеээр гүвдрүүт тууралт гарах,
– нүдний салт үрэвсэх,
– амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх,
Улаанбурханы халдвар авсан хүүхэд, насанд хүрсэн хүнд хэрэв танд ийм зовиурууд илэрвэл харьяа ӨЭМТөвд хандах, дуудлага өгөх ялган оношлогоо хийлгэж, цаашдын арга хэмжээг авах шаардлагатай. Та болон танай гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэнд та бидэнд чухал учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү бяцхан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ нь таныг уг өвчнөөс 100% хамгаална гэсэн үг биш, бид өөрсдийгөө хамгаалах эхний алхамыг мэдэх нь чухал гэдгийг зөвлөмөөр байна.

ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛХАМУУД :
– Сайн амрах, унтах, тайван байх
– Ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Амны хөндий ,хоолой зайлах
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх/хоолонд адууны мах түлхүү хэрэглэх/
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гарын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биес гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
.

АМНЫ ХӨНДИЙ, ХООЛОЙ ЗАЙЛАХ ЗӨВЛӨМЖ:

-Сармисны уусмал бэлтгэх заавар: 500гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.
-2%-ийн содын уусмал бэлтгэх заавар:100 гр бүлээн усанд 2 гр /цайны халбаганы тал/хийж найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.
-5%-ийн давсны уусмал бэлтгэх заавар:100 гр усанд 5 гр /цайны халбага /хоолны давс буюу жамц давс хийж найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.

Амны хөндий,хоолойгоо гэртээ ирэхдээ заавал зайлж хэвшээрэй.

ЦЭГИЙН МАССАЖ ХИЙХ ЗӨВЛӨМЖ:

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

ЦЭВЭРЛЭГЭЭ, АГААРЖУУЛАЛТ, АРИУТГАЛ ХИЙХ ЗӨВЛӨМЖ:

Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Вирүс нь ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.
Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө гэх мэтээр ариутгана.
Агаарыг – ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажиллуулахаас зайлсхийж, , ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

Томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчин халдварын талаар иргэд, байгууллагад зөвлөгөө өгөх : Эрүүл мэндийн газар : 70-42-31-30 утсаар харин дараах утсаар өрхийн эмч нар байнга зөвлөгөө өгч, асуултанд хариулж байна. Эдгээр утас ажлын өдөр 9:00-17:00 хүртэл ажиллана. Мейрим 70-42-70-62, Рауан 70-42-70-35, Шипагер 70-42-36-10, Жансая 70-42-76-87


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн