Халдварт өвчний зөвлөлгөө

  1. Ахуйн хавьтлын зам

Томуу томуу төст өвчний хүний биеэс  ялгарсан хамар залгиурын шүүрлээр цаашид уг шүүрлээр дамжин бусад хүнд ахуйн хавьтлын замаар халдана. ТТТөст өвчнөөр өвчилсөн хүн 1 удаа ханиалгаж найтаалгахад шүлсний 20-4000 дусал гарч 2-4 метр газар хол цацагдаж тийм зайнд байгаа хүмүүс болон байнга хамт амьдарч ажилладаг хүмүүст амьсгалын замаар вирус хамарт орж хамар залгиур хоолойд байршин цусанд орж халдвар бүх биеэр тархаж өвчлүүлдэг.

Томуугийн вирус өвчтөний хамар залгиур, хоолойн салслаг бүрхүүлд үржиж ярих, ханиах, найтаах зэрэгт гадаад орчинд тархана,  нууц хугацаа богино байна.

  1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга
  • ТТТөст өвчнөөр өвчилсөн бол эмчийн магадлагаагаар 3-7 хоног сургууль ажлаас чөлөөлөгдөх шаардлагатай.  ТТТөст өвчнөөр өвчилсөн хүн амны хаалт зүүж халдвараа бусдад тараахгүй байх, 2 цаг тутамд солих.
  • Сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах.
  • Цэгэн иллэг өдөрт 2 удаа хийж байх.
  • Өрөө тасалгаандаа 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Өрөөний дулааныг 18-20 хэмд тогтмол байлгах.
  • Ам хамрын хөндийг байнга цэвэрлэн нусгүй байлган хамраар зөв амьсгалах дасгал хийж сурах  Хүүхдийг дулаан хувцаслах, хувцаслалтанд ангийн багш , эцэг эхчүүдээс хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
  • Сургууль цэцэрлэг хаагдсан  тохиолдолд  бага насны хүүхдээ асрах боломжийг эцэх эхчүүдэд олгох.
  • Нэг ангийн хүүхдүүдийн нягтралыг багасгах.
  • Ажилчиддаа  хүүхдээ дагуулж ажилдаа ирэхгүй байх боломж олгох.
  • Гарын ариун цэврийг сайтар сахиж, бусдад халдвар тараахаас сэргийлэн ам хамрын алчуурыг зөв хэрэглэж хэвших.
  • Ажлын байран дээр гарын саван, угаалтуур, ханиаж найтаасны дараа гар ариутгах уусмал  зэргээр хангах /боломжтой бол уулзалт, хурлын танхимд гар ариутгах уусмалыг байрлуулах/
  • Ажилчдад гарын ариун цэврийг хангах сургалт сурталчилгаа хийх.
  • Царван, сод, давс, фурацилины уусмалуудаар 7-14 хоногоор ээлжлэн хоолой, амаа өдөрт 3-6 удаа зайлж цэвэрлэж занших.
  • Биеийнхээ эсэргүүцлийг сайжруулах зорлигоор өдөр бүр 30 минутаас доошгүй хугацаагаар дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах.
  • Илчлэг сайтай шөлтэй халуун хоол идэж, витаминлаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь  түлхүү уух.
  • Буцалсан аарц, чацарганы  шүүс, аньны шүүс, үхрийн нүдний  шүүс зэргийг халуунаар нь уулгах.
  • Мөн архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах.
  • Ажил амралтаа зөв зохицуулж, сайн унтаж амрах.
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалт, алчуураа заавал хогийн саванд хаях.
  • Гараа савандаж угаах.
  • Гар хүрэх бүхий л гадаргууг цэвэрлэж, ариутгах.
  • Ажлын ширээ, мөнгө тоологч машин, компьютерийн гар, хулгана, хаалганы хонх, бариул зэрэг хүний гар тогтмол хүрдэг гадаргууг өдөрт 2-3 удаа халдваргүйтгэн цэвэрлэх боломжийг бүрдүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

 

Зөвлөмж бичсэн:   ЭМГ-ын халдварт өвчин асуудал хариуцсан мэргэжилтэн    А.Нургүл

оБруцеллёз өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Хүний бруцеллёз өвчин нь олон эрхтэн тогтолцоог гэмтээж, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах, хүндрэл нь тахир дутуу болгох хандлагатай,  мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин.  Уг өвчний үений хэлбэр нь яс үе мөч, тулгуур эрхтэнг гэмтээж тахир дутуу болох, мэдрэлийн хэлбэр нь сэтгэх чадвар, оюун ухааныг муудах, дотор эрхтэний хэлбэр нь уушиг, зүрх, элэг, дэлүүг гэмтээх,  шээс бэлгийн замын хэлбэр нь бөөр, давсагны үйл ажиллагаа ба бэлгийн чадавх сулрах, үргүйдэлд хүргэх уршигтай.

Бруцеллёз өвчний үүсгэгч нян (бруцелл) нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд өвчтэй мал төллөх,  хээл хаях үед хээлийн шингэн, төлийн ус, хагны хамт их хэмжээгээр ялгардаг ба мөн  эцэг мал, амьтны үрийн шингэн, баас, шээсээр ялгарна. Эд, эсийн дотор амьдрах чадвартай,  дотор хор ялгаруулдаг бөгөөд их хүчтэй антибиотикт   үхдэг.  Бруцелл нь сүүнд 10-40 хоног, түүхий сүүний бяслагт 45-60 хоног, малын арьс шир ноос, тогтонги усанд 3 сар, газрын хөрсөнд 3-5 сар, өтөг бууцанд 5-6 сар,түүхий маханд 3 сар амьдарч чаддаг их тэсвэртэй нян юм. Хүний бруцеллёз өвчин  заримдаа оношлогдохгүй үлддэг. Учир нь бруцеллёзын эхэн үед халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, улайх, хүзүүний тунгалагийн булчирхай, залгиурын гүйлсэн булчирхай томордог учир бусад халдвартай андуурах,  амьсгалын замын иймэрхүү эмгэгийн үед ихэнх өвчтөнүүд эмчид хандахгүй, зөвхөн гэрээр эмчилж, өнгөрөөдөг. Эмчид үзүүлэхгүй  удаан хугацааны туршид  явах хүн ч бий.                                         Мөн эмнэл зүйн хувьд илрэхгүй далд хэлбэрээр явагддаг учир оношлоход  лабораторийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Хэрэв та өөрийгөө бруцеллёзоор өвчилсөн байж магадгүй гэж сэжиглэвэл юуны өмнө харьяа эмчдээ хандаж, бруцеллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Та бруцеллёз өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна.

  1.  Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ жил бүр бруцеллёз өвчнөөс сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, охин төлд вакцин заавал тариулах, бруцеллёз өвчтэй малыг тусгаарлах, хэрэгцээлэх.
  2.  Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, хормогч, резинэн бээлий) өмсөх, малын эхэс зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савандан бүлээн усаар сайтар угааж занших
  3.  Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, махан бүтээгдэхүүн, элэг, цус, цусан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй малын сүүг амтлахгүй байх, хөөрүүлж 2 минутаас дээш хугацаанд буцалгаж хэрэглэх, мал бруцеллёзтой оношлогдсон үед худгийн ус болон ил задгай усыг буцалгаж хэрэглэх.
  4.  Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолон хатаах, сийрэгжүүлэх ба 20%-ийн хлорын шохойн уусмалаар ариутгах.Зөвлөмж бичсэн: ЭМГ-ын халдварт өвчин асуудал хариуцсан мэргэжилтэн    А.Нургүл

 

А  Вируст гепатит  өвчин
А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм.
Халдвар яаж дамжих вэ?
Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжина. Өвчин үүсгэгч вирус нь хоол, хүнстэй хамт амаар орж, өтгөнөөр ялгардаг. Халдвар нь А вирусээр бохирлогдсон ус, хүнс, ахуйн эд хэрэглэлээр ихэвчлэн халдана.
Хэн өвчилдөг вэ?
Бүх насны хүн өвчлөх боловч 0-9 насны хүүхэд илүүтэй өртөнө. Нийтийн байранд суугчид, сургууль, цэцэрлэг болон хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахидаггүй хүн амын дунд элбэг тохиолдоно.

Вируст гепатит А өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдийн байгууллагад баримтлах  эрүүл ахуйн  зөвлөмж

•    Өглөө  бүр хүүхдийг цэцэрлэгт хүлээн авахдаа бодит үзлэг хийж, халууныг хэмжин, хүүхдүүдэд гар угаах, амаа зайлахыг зааж сургана. Хэрэв хүүхэд халууралттай, ямар нэгэн зовиуртай  байвал өрхийн эмчид хандахыг зөвлөн,  гэрт нь буцаана.
•    Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм чанд сахина.
•    Хүүхдийг хоол унд идэж уухын өмнө болон бие зассаны дараа гарыг заавал савандаж угаалгана.
•    Хүүхдийн байгууллагын аяга, таваг, халбагыг өдөр бүр 30 минут буцалгаж ариутган, 7 хоногт 1 удаа их цэвэрлэгээ хийж ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
•    Хүүхдийн тоглоомыг өдөр бүр савантай бүлээн усаар угааж дараа нь цэвэр усаар 2 удаа зайлах, зөөлөн тоглоомыг 7 хоногт 1 удаа угаалгын нунтагтай усаар угааж хатаана.
•    Хаалга, хана, бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хатуу эдлэлийг саван, угаалгын нунтагтай халуун бүлээн усаар угаасны дараа 1%-ийн хлораминтай уусмалаар халдваргүйтгэнэ.
•    Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг өргөн хэрэглэнэ.
•    Ундны усны эрүүл ахуйн хяналтыг сайжруулж, түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэнэ.
Хэрвээ  А Вируст гепатит өвчин хүүхдийн байгууллагад гарвал дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зөвлөж байна.  Үүнд:

1.    А Вируст гепатитийн өвчлөл гарсан ангид өвчтөнг тусгаарласан өдрөөс хойш 50 хоногийн хугацаанд хүүхэд шинээр авах, анги бүлгүүдийн хооронд ажилчид, хүүхэд шилжүүлэхгүй байна.
2.    Өвчилсөн хүүхдийг тусгаарламагц ангийн цагаан хэрэглэл, гарын алчуурыг тусгай уут саванд хадгалж угаалганд зориулалтын ваннд 0,2%-ийн жавелионы уусмалд 2 цаг халдваргүйжүүлсний дараа угааж индүүднэ.
3.    Хөтөвчинд   3%-ийн хлорамины уусмал хийж 1 цаг халдваргүйжүүлнэ.
4.    Усны  лааз, сав, хэрэглэлийг угаагч зориулалтын бодисоор  угааж 0,03%-ийн жавелионы уусмалаар 15 минут  халдваргүйтгэж цэвэр усаар 3-5 удаа зайлна.
5.    Голомтонд хавьтал болсон хүүхдүүдийг нууц үеийн хугацаанд /30 хоног/ эмчийн хяналтад авч хүүхдүүдийн биеийн байдал, нойрсолт, идэвх сонирхол, хооллолт ямар байгаа, нүд, амны хөндийн салст бүрхэвч, арьс өтгөн, шээсний өнгийг ажиглаж өөрчлөлт гарвал эмчид үзүүлж зөвлөгөө авна.
6.    Орны гудас, дэвсгэр, хивс, дэр, хөнжлийг нар салхинд 2-3 цаг  байлгана.
7.    Багш, асрагч, үйлчлэгч нар нь үйлчилгээ хийсэн тохиолдол бүрд гараа савандан угааж спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх  уусмалаар халдваргүйтгэнэ.
8.    Вируст гепатит өвчнөөс  сэргийлэх талаар эцэг эхчүүд, багш ажилчдад сурталчилгаа тогтмол  хийнэ.
9.    Дээр дурьдсан хүүхдийн байгууллагад баримтлах эрүүл ахуйн зөвлөмжийг сайтар   мөрдөнө.

 

Зөвлөмж бичсэн:   ЭМГ-ын халдварт өвчин асуудал хариуцсан мэргэжилтэн    А.Нургүл


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн