“ЭРҮҮЛ ХҮНС, ЭРҮҮЛ ХӨРС“ аяны хүрээнд сургалт зохион байгуулав

Дэлхий нийтэд даяарчлалтай холбоотойгоор хоол хүнсээр дамжих өвчин нь өнөө үед хамгийн өргөн тархсан, нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлын нэг болж байна. Эдгээр өвчин эмгэг нь дэлхий дээр гарч буй өвчлөл, нас баралтын нэгэн томоохон шалтгаан болсоор байгаа ба ялангуяа бага насны хүүхдүүд, настай хүмүүс, дархлааны тогтолцоо суларсан өвчин эмгэгтэй хүмүүс түүнд илүүтэй өртөж байна. Хоол хүнсээр дамжих өвчин нь хэдийгээр ихэнх тохиолдолд хөнгөн явцтай явагдаж, аяндаа эдгэрдэг боловч зарим тохиолдолд амь насанд ч хүрэх аюултай байдаг.

Манай улсад хөгжиж буй бусад улс орнуудын нэгэн адил хоол хүнсээр дамжих өвчлөл түгээмэл тохиолддог. Манай улсад гэдэсний халдварт өвчнөөр жил бүр 8000-9000 орчим хүн өвчилдөг ба ихэвчлэн бага насны хүүхдийн өвчлөл зонхилдог. Улсын хэмжээнд бүртгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчлөлийн дотор вируст гепатит А болон цусан суулгалтын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна.  Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хоолны хордлогын бүлэг хамт олныг хамарсан дэгдэлтүүд  жил бүр бүртгэгдэх болсон. Ийнхүү хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтүүд гарч байгаа нь хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаажилт алдагдсантай холбоотой юм. Хоол хүнсээр дамжих өвчин нь урьдчилан сэргийлэгдэх боломжтой өвчин эмгэг бөгөөд үүний тулд хүнсний аюулгүй байдлын зарчмуудыг дагаж мөрдөх шаардлагатай юм.

Үүнтэй холбогдуулан 2015 оны 5-дугаар сар 28 -ны өдөр сургууль, цэцэрлэгийн тогооч нарт хүнсний  эрүүл ахуй,  аюулгүй байдал, хүнсний зохистой хэрэглээ, хооллолтын чиглэлээр мэдлэг олгох  болон хоол хүнсээр дамжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд нийт 25 хүнд зохион байгууллав.

Уг сургалтанд оролцсоноор хүнсний аюулгүй байдал ба хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх талаар болон сургууль, цэцэрлэгийн насны зөв зохистой хооллолт болон “Гурван цагаан хор”-ын зохистой хэрэглэлтийн талаар мэдлэг олгов.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн