Манай аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй зэрэгцээ Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ирж, 08 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдөр хүртэл 5 өдөр ажиллав. Ажлын хэсэг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагааннуур тосгон, өрхийн эрүүл мэндийн төв болон хилийн Цагааннуур боомтод ажиллаж, халдвар хяналт, урьдчилан сэргийлэх, халдварын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдал зэрэгт хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын зүгээс улаанбурханаар өвчилсөн тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, иргэд, олон нийтэд зориулсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдах талаар заавар, зөвлөгөө, мэдээллийг байгууллагын нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, харьяа байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэнгэл сумд ажиллаж байгаа бол Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Онцгой байдлын газартай хамт хилийн Цагааннуур боомтод ажиллаж байна.
Үүнтэй зэрэгцээ Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд улаанбурхан өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол явуулж байна.
Үүнээс гадна өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд 0-18 насны хүүхдүүдийн нөхөн болон нэмэлт дархлаажуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулж байна.