УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАЛААР ИРГЭД ТАНЫ МЭДЛЭГТ

A- A A+
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАЛААР ИРГЭД ТАНЫ МЭДЛЭГТ

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Нууц үе нь дунджаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.

Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Хамар залгиурын үрэвсэлийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.

Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө.

Нүдний үрэвсэлийн үед нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна.

Өвчний эхний үедулайсан салст бүрхэвчийн суурин дээр салстаас дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбо гарах бөгөөд бага арааны харалдаа завьжны салст бүрхэвч, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст бүрхэвч зэрэгт гардаг. Энэ толбо нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй онцгой чухал шинж тэмдэг юм. Толбо 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна. Энэ толботой нэгэн зэрэг хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын арын хананд тууралтууд гарна. Өвчний эхлэл үеийн 5 хоногт нь дахин өндөр халуурч, улайлтын үеийн шинжүүд даамжирч арьсаар тууралт гарна.Тууралтын элемент нь том, толбо-гүвдрүүтэй байх ба тод улаан өнгөтэй, том толбо хоорондоо нийлж, барсгар хэлбэртэй болдог. Өвчтөний арьс улаан цоохор харагдана. Улаанбурханы тууралтын гол онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доошоо чиглэсэн нь байдаг.

Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дах өдөр их биеэр, 3 дах өдөр мөчдөөр гарах ба тууралт дээрээсээ бүдгэрч эхэлдэг. Энэ үед бага зэрэг загатнана. Тууралт арилахдаа гарсан дарааллаар ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үлдээнэ. Энэ нөсөө нь 1-3 долоо хоног хадгалагдана. Мөн эрүүн доорхи болон хүзүүний тунгалагын булчирхайнууд томорч эмзэглэлтэй байна. Хэл чийглэг, цайвар өнгөртэй байх ба шүлс их ялгарна. Ходоод гэдэс хямрах, нүүр нь хөөнгө болох, зовхи хавагнах, гэрлээс зугтамхай болох, байнга хуурай ханиах, хоолой сөөнгөтөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тууралтын өмнөх 3-4 хоног, дээр нь нэмээд тууралтын 4-5 хоногтоо буюу 8-10 хоногтоо халдвар хамгийн их тараадаг.

Танд дээрх шинж тэмдэг ажиглагдвал яаралтай харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд, аймгийн төвд амьдардаг бол Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эмч нарт үзүүлээрэй.