Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирусийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын Үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан.
Энэ хүрээнд Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам, Халдварт ӨВЧИН судлалын Үндэсний төв, Хавдар судлалын Үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг, аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газартай хамтран “ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” сэдэвт хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг орон нутагт зохион байгуулж байна.
Тус сургалт өнөөдөр /2024.11.04/ Баян-Өлгий аймгийн Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч нарыг хамруулан зохион байгуулагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.
Сургалтын үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Адилбиш, ЭМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Иманхан нар үг хэлэв.
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг Хүний папиллома вирусийн 6,11,16,18-р хэв шинжээр үүсгэгдсэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар, хавдрын урьдал өвчнүүд, бэлгийн үү болон архаг халдваруудаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.