БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН БАТЛАГДАЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН БАТЛАГДАЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

Баян-Өлгий аймгийн Алтай суманд малын гоц халдварт өвчин батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагт шуурхай хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.

Тус шийдвэрийн хүрээнд Өлгий – Бугат – Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хязгаарлаж, халдварын тархалтыг хумих зорилгоор хяналт, хамгаалалтын дэглэм хэрэгжүүлж эхэллээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтай, Бугат сумын төв 3,5 багийн нутаг дэвсгэр болон бусад эрсдэлтэй чиглэлүүдэд байнгын хяналтын пост ажиллуулж байна. Постуудад Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулна.

Үүнээс гадна олон нийтийг хамарсан арга хэмжээ, уулзалт, баяр ёслол, спортын тэмцээн зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

Одоогоор өвчний голомтын бүсэд тандалт, хяналт эрчимжиж, халдварын хүрээг тогтоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.

Аймгийн Онцгой комиссоос иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөх, дур мэдэн зорчихгүй байх, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.

Аймгийн орох, гарах 6 чиглэлд пост гарч үүнд Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид хуваартын дагуу 24/7 цагаар ажиллаж ариутгал халдваргүйтгэл хийж үүрэг гүйцэтгэж байна.