Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд 2013 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаар “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарласан.
Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаар зорилтын хүрээнд “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Дэлхийн хэмжээнд 3.6 тэрбум хүн шаардлага хангаагүй бие засах газартай байгаагаас эрүүл мэндээрээ хохирч байна, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна. Шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж нь гол, нуур, хөрсийг хүний ялгадсаар бохирдуулж, улмаар газар доорхи усыг бохирдуулж байна. 2030 онд хүн бүрийг аюулгүй бие засах байгууламжаар хангах зорилтод бид хүрэхгүй төлөвтэй байна. Энэхүү зорилтод хүрэхэд бидэнд зөвхөн 6 жил үлдэж байгаа тул дэлхийн улс орнууд 4 дахин их хурдтай ажиллах хэрэгтэй байна.